Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг боловсруулж байна

GJ1A8521.jpg

Улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний хэрэгжилтийн явц, ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын чиг хандлага, үндэсний болон орон нутаг, бүс нутаг, олон улсын хэмжээнд цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох хүрээнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг гаргаж байна.

Үүнтэй холбогдуулан тус баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэх, дунд хугацааны хэрэгжилтийн тайланг боловсруулах зорилгоор холбогдох салбарын 30 орчим төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг ОБЕГ-т зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас ноён Тежас Тамобхид Патнайк болон Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн төлөөлөл ноён Билл Хо нар оролцож, Сендайн үйл ажиллагааны баримт бичиг, түүний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын түвшинд хэрэгжүүлж байгаа ололт амжилт, туршлагаас хуваалцсан юм.

Мөн  улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан ололт амжилт, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, хэлэлцүүлгээс гарсан үр дүнг Гамшгийн эрсдэлийн бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланд тусгана.

Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичгийг санал нэгтэй баталж, энэхүү баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн улсын чадавх, нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл батлуулж, гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top