Өсвөрийн аврагчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

usvuriin-avragch-2019-1-6s8guz9efnejdfnzp1q7j55ug0lguagr6z16nxfyog0.jpg

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулсан.

Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487  бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна.

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилготой “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 10 дугаар сарын 17-нд Сүхбаатарын талбайд болно.

Тус тэмцээнийг Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран  анх удаагаа зохион байгуулах гэж байна.

 Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Соёмбо” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV  сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” бүлгийн өсвөрийн аврагч сурагчид оролцох юм.

 Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top