НАМ ДАРАЛТЫН ЗУУХЫГ АШИГЛАХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ

wedob-gu32f-800x445-6sw2lsvtzxxmodgf3xkxitlx7hno4lktlhl3a0sikao.jpg

Нам даралтын халаалтын зуухыг буруу угсрах, ашиглалтын үеийн хэвийн горим алдагдсанаас осол, гэмтэл гарч улмаар хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулж болох тул нам даралтын зуух ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллагууд аюулгүй ажиллагааны горимыг чанд мөрдөж ажиллах. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн болон усан хаалтын зуух дэлбэрсэн нийт 9 тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд нам даралтын зуухыг ашиглах үеийн аюулгүй ажиллагааны зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Зуух ба халаалтын сүлжээг усаар дүүргэж сүлжээний хийг суллаж 2-3 атмосферын даралтад оруулсны дараа зуухаа галлаж, усны хэм 60-70 болтол халсан үед сүлжээний эргэлтийн шахуургыг ажиллуулна. Эргэлтийн шахуурга нь зуухнаас халсан усыг сорж, халаалтын сүлжээнд шахах замаар халаалтын усыг эргүүлнэ.
  • Халаалтын зуухыг ашиглагч аж ахуйн нэгж байгууллагын эрх баригч нь зуухны бүх тоноглолын аюулгүй ашиглах нөхцөлийг бүрэн хангаж ажилчдыг тушаалаар томилно. Зуухны машинист нь /галч/ мэргэжлийн үнэмлэхтэй, эмнэлэгийн үзлэгт орж магадлагаа гаргуулсан, 18 наснаас дээш настай эрэгтэй хүн байна.
  • Халаалтын зуух бүрд манометр, термометр болон аваарын клапан бүрэн тавьсан байна.
  • Ажлын байранд эмийн сан, зөөврийн гэрэл, хамгаалах хэрэгсэл байхаас гадна ахуйн байраар хангасан байна.
  • Зуухны машинист өөрийн ажиллах хугацаанд зуухны ажиллагааны хэвийн горим тоноглолын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах үүрэгтэй.
  • Зуухны тоног төхөөрөмжийг ажиллуулах /ус хангамжийн сүлжээний ажиллагаа, халаалтын сүлжээг усаар дүүргэх, усыг юүлэх технологийг бүрэн мэддэг байвал зохино. /Мөн галч нь зууханд доголдол илэрсэн бол үүссэн хор уршгийг арилгах анхан шатны арга хэмжээг бие даан авч чаддаг байх.
  • Зуухны байранд гадны хүн оруулахыг хориглох, галд шатамхай материал /бензин, керосин гэх мэт/ байлгахгүй байх.

Зуухыг дараах нөхцөлд галлахгүй байх нь зүйтэй.

  • Усны алдагдалтай;
  • Тэжээлийн усны бүх төхөөрөмж ажиллахгүй;
  • Аваарын хавхлага ажиллагаагүй;
  • Зуухан дотор гэмтэл гарч, ус алдах тохиолдолд галлахгүй байхыг анхааруулж байна.

Аюулгүй ажиллагааны талаар дараах шаардлагыг ханган ажиллах үүрэгтэй.

  • Усны температур өсч, чимээ гарах тохиолдолд галлагааг шууд зогсоох.
  • Зуухны галын хотолд аль нэг газарт ус алдах тохиолдолд,
  • Галын хотолд байгаа оч, нурмаа яаралтай зайлуулах, үлээгүүр, сэнс, ус шахах үйлдлийг зогсоох
  • Мөн зууханд аваар үүсгэх болзошгүй нөхцөлд өөрийгөө түлэгдэлтээс хамгаалах хэрэгслийг бэлэн байлгах,
  • Зуухны байранд угаар гарах үед хаалга, цонхоо нээн өөрийгөө хордохоос хамгаалах,
  • Үүдэнд гэрэлтүүлэг, гар чийдэн зэргийг заавал тавих,
  • Галч нь зуухны ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлж, дараагийн галчтай хүлээлгэж өгөх,
  • Зуухны эргэн тойрондох тоос шороог байнга цэвэрлэх.

Усны даралтыг шаардлагатай түвшинд барьснаар зуухны хэвийн горимыг хангах тул нам даралтын зуухны машинист өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг онцгой анхаарч ажиллах нь зүйтэй.

scroll to top